Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбооны бүсийн чуулган боллоо

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо ТББ-ийн санаачилгаар “Эм холбоо-Хөвсгөлд” нэртэй Хангайн бүсийн чуулга уулзалт 2022 оны 03 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хот болон Хатгал тосгонд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулга уулзалтаар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбооны ээлжит 12 дугаар чуулга уулзалтад зориулан бүх аймгийг 6 бүсэд хувааж Хөвсгөл аймагт “Хангайн” бүсийн чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдав.

Чуулга уулзалтад Улаанбаатар хотоос МЭЗБН “Эм” холбооны гүйцэтгэх захирал, Клиникийн профессор И.Балжинням,

МЭЗБН “Эм” холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Эм зүйн ухааны доктор, профессор, академич, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн захирал Л.Цэрэндулам,

Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн багш, доктор Ц.Алтантуяа,

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, клиникийн профессор М.Үүрийнбаяр,

Хөвсгөл аймгийн Эм холбооны тэргүүн Г.Туяахүү,

Архангай аймгийн Эм холбооны тэргүүн П.Ганбаатар,

Завхан аймгийн Эм холбооны тэргүүн н.Амартүвшин болон Хөвсгөл аймгийн эм холбооны төлөөлөл 42 гишүүн, Архангай аймгийн эм холбооны төлөөлөл 7, Завхан аймгийн эм холбооны төлөөлөл 11 нийт 65 хүн энэхүү арга хэмжээнд оролцов.

Чуулга уулзалт, сургалт арга хэмжээг нээж Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, МЭЗБН “Эм” холбооны гүйцэтгэх захирал, Клиникийн профессор И.Балжинням нар нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэн сургалтад амжилт хүсэж, хийж хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл хийж ажилласан.

Энэхүү чуулга уулзалтаар МЭЗБН “Эм” Холбооны 2019-2021 онуудын үйл ажиллагааны тайлан, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг, МЭЗБН “Эм” холбоо ТББ-ын дүрмийн шинэчлэл, хэлэлцүүлэгүүдийг тус бүр МЭЗБН “Эм” холбооны гүйцэтгэх захирал, Клиникийн профессор И.Балжинням танилцуулав.

Мөн Хөвсгөл аймаг, Архангай аймаг, Завхан аймгийн “Эм” холбооны салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайланг  оролцогч аймаг бүрийн “Эм” холбооны тэргүүнүүд танилцуулав.

Чуулга уулзалттай холбоотой Эмийн зохистой хэрэглээ, эмийн харилцан үйлчлэлийн чиглэлээр  МЭЗБН “Эм” холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Эм зүйн ухааны доктор, профессор, академич, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн захирал Л.Цэрэндулам багш 2 цагийн сургалт мэдээлэл, Эм зүйчийн ёс зүй, эмийн чанар аюулгүй байдлын чиглэлээр Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн багш, Эм зүйн ухааны доктор Ц.Алтантуяа 2 цагийн хичээл, Артерийн даралт бууруулах орчин үеийн эмчилгээнд Телмисартанийг хэрэглэх нь Айвико Хэйлткейр ХХК-ны эмч, эм зүйн ухааны  магистер  С.Баттулга  1 цагийн мэдээлэл, шинэ эмийн мэдээллийг “Денк фарм” ХХК-ны Эм зүйн албаны дарга О.Отгонжаргал нар тус бүр хийж хамтран ажиллав.

Энэхүү чуулга уулзалтаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулагатай танилцаж аймаг суманд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эмийн сангуудад тулгамдаж буй асуудал, эм зүйн тусламж үйлчилгээтэй холбоотой зөрчигдөж буй асуудлыг тухайн хуулийн заалт бүрээр нягтлан үзэж санал хүсэлтээ солилцон ажиллав. Мөн энэхүү хуулийн төсөлтэй холбоотой санал хүсэлтийг аймаг бүрээр нэгтгэн “ Эм” холбооны 12 дугаар чуулга уулзалтад оролцох төлөөлөлөөр дамжуулан хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Мөн энэхүү чуулга уулзалтын хүндэтгэлийн хүлээн авалтад 42 эм зүйч, эм найруулагч нар оролцов. Энэхүү хүлээн авалтад салбартаа ажил хөдөлмөрөө тэргүүлж буй шилдэг эм зүйч, эм найруулагч нарт шагнал гардуулсан бөгөөд Эрүүл мэндийн сайдын хүндэт жуух бичгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх туг эмийн сангийн эм зүйч А.Ганхуяг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Арвис эмийн сангийн эм зүйч Ж.Цацралт, Завхан аймгийн Гэрэлтшүтээн эмийн сангийн эм зүйч П.Ариунаа нар тус тус, эм үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Монос Хөвсгөл ХХК-ны Монос эм ханган нийлүүлэх төвийн эм найруулагч н.Саран, Ган эмийн сангийнэм зүйч М.Баасанноров Хөвсгөл аймгийн засаг даргын жуух бичгээр хөдөлмөр бүтээлээ тус тус шагнууллаа.

“Эм холбоо-Хөвсгөлд” бүсийн чуулга уулзалтын хөтөлбөрт орсон Хөвсгөл далайн аялал амжилттай зохион байгуулагдав. Энэхүү аялалыг Хөвсгөл эм холбоо зохион байгуулж ажилласан бөгөөд аялалын үеэр чуулганд оролцсон нийт баг бүрэлдэхүүн  “Хөвсгөл далайн мөсөн хотхонтой танилцаж,  морин чаргаар аялаж, дурсгалын зураг авахуулж, хөдөлгөөн эрүүл мэндийн дэмжин мөсөн дээрх олс таталтын тэмцээнийг амжилттай зохион байгуулан ажиллав. Энэхүү Мөсөн дээрх олс таталтын тэмцээнд 4 багийн 32 тамирчин амжилттай оролцож “Номин-Хангай” багийн баг тамирчид тэргүүн байр эзлэв. Мөн чуулга уулзалт оролцсон бүх зочид төлөөлөгчид дурсгалын бэлэг гардуулан 03 дугаар сарын 26-нд Улаанбаатар

хотод зохион байгуулагдах 12 дугаар чуулга уулзалтад нь амжилт хүсэж хамтран ажиллав.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published.