Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Хаянхярваагийн Цэнд-Аюушийн нэрэмжит “ШИНЭ САНАА- ШИНЭ МЭДЛЭГ”-2024 Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтэд аймгийн Засаг дарга П.Лхагважав, ЭМГ-ын дарга М.Мөнх-Аюуш, “Цэнд-Аюуш” сангийн тэргүүн Ц.Цэцэнзориг, АШУҮИС-ын Био-Анагаахын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Ч.Баттогтох, АШУҮИС-ын Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг, АШУҮИС-ын Өрхийн анагаахын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Д.Мягмарсүрэн нар урилгаар оролцлоо.
Аймгийн Засаг дарга Эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дахь жилдээ санаачлан зохион байгуулж байгаа Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Х.Цэнд-Аюуш эмчийн үр хүүхдүүдэд нь аймгийнхаа нийт эмч мэргэжилтнүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Жил бүр судлаач, судалгааны ажлын тоо нэмэгдэж улмаар энэ жил Эрдэм шинжилгээний бага хурал “Нийгмийн эрүүл мэнд, удирдлага зохион байгуулалт”, “Хүний нөөц эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмнэл зүй, эм судлал, эмийн зохистой хэрэглээ”, “Сувилахуйн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдал” гэсэн 3 салбар хуралдаанаар 50 гаруй илтгэлүүд хэлэлцэгдэнэ.
Аймгийн Засаг дарга хэлэлцүүлсэн илтгэлүүдтэй холбоотой гарсан санал хүсэлтийг орон нутгийн түвшинд дэмжин шийдвэрлэж ажиллахаар боллоо.