ХӨВСГӨЛ АЙМАГТ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Өнгөрсөн жил Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчидтай уулзаж байхад Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгоход зайлшгүй шаардлагатай байгаа зүйл бол Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хуучирч муудсан тул үе шаттайгаар шинэчлэх шаардлагатай байгаа талаар хүсэлт тавьж байсан юм. Энэ дагуу Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг санаачлан улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр боллоо. Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 40 багийн эмчийн мотоцикл, 4 сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн шүдний тоног төхөөрөмж, Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвд зөөврийн рентген аппарат болон статистикч, дүн бүртгэгч эмч нарт 30 компьютер, 30 принтерийн асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Далай тойрсон 8 сумандаа “Багийн эмч нарыг унаажуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, тойргийнхоо бүх багийн эмч нарыг шинэ мотоциклтой болгосон. Энэ хөтөлбөрөө үргэлжлүүлж энэ жил 40 багийн эмч нарыг унаажуулж байна. Хөдөө орон нутагт хамгийн тулгамдаж багаа асуудлын нэг бол шүдний өвчлөлийн асуудал байдаг. Шүдний өвчлөл бол бүх өвчний эхлэл гэж ярьдаг. Тийм учраас “Эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Улаан-Уул, Тариалан, Шинэ-Идэр сумын Эрүүл мэндийн төвд иж бүрэн шүдний тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ.Түүнчлэн, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур сумын 12000 гаруй иргэдэд яаралтай болон түргэн тусламжийг газар дээр нь үзүүлэхэд нэн шаардлагатай байгаа зөөврийн рентген аппаратыг Улаан-Уул сумын Эрүүл мэндийн төвд шийдвэрлэн өгч байна. Мөн Шинэ-Идэр сумын Эрүүл мэндийн төвөөс тавьсан хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд уламжлаж зөөврийн рентген аппарат шийдвэрлүүлэн хүлээлгэн өгсөн. Цаашид Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэх бөгөөд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сумдынхаа Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үе шаттайгаар шинэчлэх асуудалд анхаарал хандуулж ажиллах болно.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *