ХӨВСГӨЛ АЙМАГТ АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ’’ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн түүхт 80 жилийн ой 2022 онд тохиож буй бөгөөд ойн арга хэмжээг угтсан томоохон арга хэмжээ болох “Багш шавийн эрдмийн уулзалт” аймаг бүрт зохион байгуулагдаж байгаа ба Хөвсгөл аймагт 2022.09.03-нд АШУҮИС-ийн эрдэмтэн, профессоруудын баг хүрэлцэн ирж, шинэлэг онол, арга зүй, судалгааны илтгэлүүдээ танилцуулж, эрдмийн бүтээлийн дээжээс гардуулан хамтран ажиллав.

Монгол Улсын дээд боловсролын хөгжилд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн гүйцэтгэсэн үүрэг томоохон суурийг эзэлдэг бөгөөд 80 жилийн ойн баярыг тохиолдуулан шинжлэх ухаан, түүн дотор анагаах ухаан, эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийн ололт амжилт, инновацыг түгээн дэлгэрүүлэх, олон нийт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сурталчлан таниулах зорилгоор аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудыг өргөн хүрээгээр хамруулан зохион байгуулсан.

Уулзалтын явцад АШУҮИС нь Хөвсгөл аймгийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулан АШУҮИС-ын дэд захирал Б.Дамдиндорж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш. Идэрбаясгалан нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Аймгийн Засаг дарга мэндчилгээ дэвшүүлж, АШУҮИСургуультай хамтран ажиллах гэрээний хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, судалгаа шинжилгээний баг ажиллуулах, орон нутагт эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Багш шавийн эрдмийн уулзалтанд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 450 гаруй их эмч, эм зүйч, сувилагч, бага эмч, эм найруулагч, бусад эмнэлгийн ажилтан албан хаагч нар оролцлоо. Эмч мэргэжилтнүүдэд АШУҮИС-ийн дэд захирал Б.Дамдиндорж, Монгол Улсын Зөвлөх эмч Б.Жаргалсайхан, Д.Агиймаа, С.Бурмаа, Тэнхимийн эрхлэгч Б.Цацралт-Од, профессор С.Наранчимэг зэрэг зөвлөх зэрэгтэй, доктор, профессоруудын бүрэлдэхүүнтэй баг ажилласан нь Хөвсгөлчүүдийн талархалыг хүлээлээ.

Уулзалтыг дэмжин ажилласан Аймгийн Засаг даргын Тамгын газар, АШУҮИС, орон нутгийн Хувийн Хэвшлийн эмнэлгүүд, Гедион Рихтер эмийн байгууллага болон хамтран зохион байгуулсан Аймгийн нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хамт олонд Эрүүл мэндийн газраас талархал дэвшүүлье.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *