Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Оюунжаргал нартай уулзаж Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, “Элэг бүтэн Хөвсгөлчүүд” хөтөлбөрийн хүрээнд хавдрын эрт илрүүлгийн ажлыг эрчимжүүлж, иргэддээ хэрхэн чирэгдэлгүй, зөв зохион байгуулалттай ажиллах талаар санал солилцлоо. Сүүлийн жилүүдэд Хөвсгөл аймагт хавдрын эмчийн хяналтад байдаг өвчтөний тоо эрс нэмэгдэж байна. Орон нутгаас хот руу явж эмчилгээ хийлгэх өвчтөн болон гэр бүлийн замын болон бусад зардал маш өндөр. Орон нутагт хорт хавдрын ихэнх тохиолдол хожуу шатандаа оношлогддог нь нас барах гол шалтгаан болж байна. Үүний жишээ нь хавдрын 45 хагалгааны 70 гаруй хувь нь дандаа 4-5 дугаар үедээ орсон байдаг. Хөвсгөл аймагт 2020 онд хорт хавдрын шинэ тохиолдол 270 бүртгэгдсэнээс Элэгний хорт хавдар – 82, Ходоодны хорт хавдар – 62, Уушгины хорт хавдар – 30, Улаан хоолойн хорт хавдар- 15, Умайн хүзүүний хорт хавдар – 11, Хөхний хорт хавдар – 7 тус тус оношлогдсон байна.2021 онд 1,4 тэрбум төгрөгийн өртөгтэй Хавдрын эрт илрүүлгийн төв ашиглалтанд бүрэн орсон. Уг төвд 1,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авалт хийгдэж байна. Үүнээс гадна 2021-2022 онд 1 тэрбум орчим төгрөгийн эрүүл мэндийн лаборатори, тоног төхөөрөмж болон компьютерээр аймаг, сумын эрүүл мэндийн төв, багийн эмч нарыг хангаад байна. Ингэснээр аймагтаа хавдрыг эрт илрүүлэх, 3 дугаар шатлалын эмнэлэг рүү цаг алдалгүй явуулах эсэхээ тогтоодог болох, иргэдийн өвчлөлийг ангилан бүртгэл, тандалтын дата баазтай болох, үзлэг оношлогоонд хамрагддаггүй хэсгийг явуулын аргаар оношлох, хавдраас сэргийлсэн зөвлөгөө, олон үйл ажиллагаа явуулах зэрэг давуу тал үүсэх юм. Мөн 3 дахь шатлалын эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ хийж хүнд өвчтэй, хавдартай иргэдээ чирэгдэлгүй эмчлүүлэх, мэс ажилбарт оруулах ажлыг илүү уялдаатай болгоно. Хавдрын мэс заслын чанар сайжрахад дагаад бусад эмч нарын чадавхи сайжирдаг. Анхны энэ сайн жишгийг тогтоож өгсөн мэс заслын эмч Б.Түвшин, Л.Хануй нартаа нутгийн иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Эрүүл мэндийн даатгалаас ходоодны хавдрын нэг хагалгаанд зориулан 19 сая төгрөг ирдэг байсан бол харамсалтай нь энэ зардал буурч 7 сая орчим төгрөг болсон. Энэ нь одоогийн гүйцэтгэлээр санхүүжүүлдэг тогтолцоотой зөрчилдөж байна гэж бодож байгаа.Цаашид зөөврийн ходоодны дуран, хүчин чадал сайтай эхо, маммографи, зүсэлтийн нарийвчлал өндөртэй компьютер томографи, дурангийн тауер зэрэг нарийн мэргэжлийн гол тоног төхөөрөмжийн тоог нэмэгдүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлагатай.